Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 ОНЫ 05 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Температур: Агаарын дундаж температур нийт нутгаар 15.2-20.5 градус дулаан, олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутгаар дунджаас 2.0-5.1 градусаар дулаан байлаа. Үнэмлэхүй их температур нутгийн өмнөд хэсгээр буюу Хатанбулаг, Улаанбадрах, Хөвсгөл, Замын-Үүд сумын нутгаар +35-...+37 градус, үнэмлэхүй бага температур нийт нутгаар 0-5 градусын дулаан байжээ. Хөрсний гадаргын дундаж температур нийт нутгаар 20-28 градус дулаан, үнэмлэхүй их температур өдөртөө Хатанбулаг, Хөвсгөл, Замын-Үүд сумдаар +56-...+58 градус дулаан, үнэмлэхүй бага температур шөнөдөө Иххэт, Мандах сумын нутгаар -3 градус хүйтэн байлаа..
Хур тунадас: Энэ 10 хоногт Иххэт суманд 1.5 мм, Айраг суманд 2.0 мм орсон ба олон жилийн дундажтай (ОЖД) харьцуулахад дунджийн орчимд байлаа. Бусад сумдын нутгаар хур тунадас ороогүй.
Салхи: Энэ 10 хоногт нийт нутгаар салхи ихтэй, 10 м/с-ээс дээш давж салхилсан өдөр 5-9 хүртэл ажиглагдсан. Салхины хамгийн их хурд Хөвсгөлд 22, Сайншандад 21, Мандахад 19 м/с хүрч нийт нутгаар цаг агаарын салхи шуурганы аюултай үзэгдлийн хэмжээнд ажиглагдаж цаг агаар тогтворгүй байлаа.
Бэлчээрийн ургамал: 5 дугаар сарын 21-ны байдлаар Мандах, Сайхандулаан сумдын нутгаар ургамлын цухуйлт огт эхлээгүй байна. Бусад сумдын нутгаар бэлчээрийн ургамал таана, хазаар, хялгана, агь цухуйсан, ургамлын дундаж өндөр 1-5 см байна.
МАА-н үйлдвэрлэлд: Цаг агаарын нөхцлөөс болж малын бэлчээрлэлт саатсан тохиолдол гараагүй хэдий ч ургамлын ургалт Иххэт, Дэлгэрэх, Алтанширээ сумын зарим багийн нутгаас бусад нутгаар малд төдийлөн таатай идэшлэх боломж бүрдээгүй байгаагаас хаваржилт хүндхэн үргэлжилж байна. Зарим сумдад отор нүүдэл хийсээр байна. Малын усан хангамж ихэнх нутгаар дунд зэрэг байлаа.