Мэдээлэл > Уур амьсгалын тодорхойлолт

Дорноговь аймгийн уур амьсгалын нөөц, горим

Шинэчлэгдсэн: 2024-03-19 12:55:20

Уур амьсгалын нөөц, горим

 

Ж.Алтанцэцэг / УЦУХ/

Н.Энхмаа /ДорноговьУЦУОША/

Энэхүү өгүүлэлд  Дорноговь аймгийн уур амьсгалын нөөц, горимыг тухай товч өгүүлнэ.Аймгийн хэмжээнд  уур амьсгалын үзүүлэлтүүдийн олон жилийн дундаж, захын утгууд, статистик  болон  магадлал-хангамжийн үзүүлэлтүүдийн тооцоог хийсэн судалгааны ажлын үр дүнгээс  оруулсан болно.

Оршил

               Дорноговь аймаг 114.5мянган км2 нутагтай Монгол орны  зүүн өмнөд хэсэгт оршдог.   Дорноговь аймаг нь говийн бүсэд багтах бөгөөд Овоо, Дайнтовог, Бааст, Найман, Туулай, Тармаг зэрэг уудам талууд, Гурванбаян,Үнэгэт,Төхөм, Хоёр заан зэрэг өргөн хөндийнүүдтэй, нутгийн хойд хэсэг нь говь хээр хосолсон завсрын бүсэд оршино. Мөн Оцол сансар, Их бага дулаан, Хутаг уул, Аргал, Аргалант, Баян, Арван найман богд зэрэг уул толгод эзэлдэг бөгөөд хамгийн нам дор газар Баянгийн говь далайн түвшнээс дээш 703 метр өндөрт оршино. Нутгийн өмнөд хэсгээр бага зэрэг элстэй.

            Хөрс ургамлын хувьд ихэнх нутгаар дагшир бор хөрстэй, голдуу шимт ба үрт ургамалтай, зарим газраар хайлаас, буйлс нутгийн баруун өмнөд хэсгээр заг ургадаг.Тус аймагт ховор ан амьтан, ашигт малтмал ихтэй байгалийн арвин их баялагтай. Ашигт малтмалын баялагт түшиглэн жонш, барилгын материал боловсруулах үйлдвэр, Улаанбаатар- Замын-Үүдийг холбосон 500 гаруй  км урт  төмөр зам дайран өнгөрдөг.

     Дорноговь аймаг  уур амьсгалын  хувьд хуурайдуу сэрүүвтэр,  хуурай дулаавтар, мужид багтана.   Манай орны бусад нутгийн нэгэн адил эх газрын эрс тэс уур амьсгалтай. Агаарын температурын  үнэмлэхүй их агууриг 33.60С, өвөлдөө  хүйтэн боловч  зундаа аагим халуун болно. 

Судалгаанд ашигласан материал, арга зүй

     Цаг уурын үзүүлэлтүүдийн эх мэдээг  Дорноговь аймгийн 5 станцаар 1936-2007 оноор мэдээллийн сангийн ВАКС, КЛИКОМ системүүдээс гарган авав. Эх мэдээг боловсруулахдаа  хэрэглээний уур амьсгалын математик- статистик аргууд,  тархалтын зураглал, диаграмм, Фортран-5, EXSELпрограммуудыг ашигласан болно.

  Цаг уурын үзүүлэлтүүдийн жил, сарын дундаж, үнэмлэхүй хамгийн их, бага утгын дундаж квадрат хазайлт, вариац,  магадлал- хангамжийн үзүүлэлтүүдийн тооцоог хийсэн болно.

Судалгааны үр дүн

     Дорноговь аймгийн уур амьсгалын талаар сүүлийн үед хийсэн шинэлэг судалгаа хомс байдаг бөгөөд уур амьсгал дулаарч байгаа өнөө үед мөн газрын баялгийг өргөнөөр ашиглах болсны улмаас байгаль орчны нөхөн сэргээлт хийх, үнэлгээ хийх зэрэгт уур амьсгалын нөхцлийг тодорхойлох  судалгааны ажил хийх шаардлага урган гарч байгаа болно. Энэхүү судалгааны ажилд сүүлийн үеийн мэдээ маатериал ашиглан шинэлэг үр дүнгүүдийг оруулсан болно.

Уур амьсгалын улирлын шинж.

     Нарны цацрагийн жилийн явцаас хамааран сэрүүн бүсэд жилийн дөрвөн улирал ээлжилдэг. Тухайн орон нутгийн хотгор гүдгэр, газрын гадаргын шинж зэргээс хамааран улирлын шинж газар бүр харилцан адилгүй байдаг.

     Дорноговь аймгийн уур амьсгал нь Монгол орны бусад нутгийн нэгэн адил эх газрын эрс тэс шинжтэй. Энд өвөл нь  хүйтэн бөгөөд удаан үргэлжилнэ. Зун нь богино, халуун болдог. Хавар, намрын улиралд цаг агаар тогтворгүй эрс өөрчлөгдөж байдаг.

            Өвөл.  Дорноговь аймгийн нутагт дунджаар11 дүгээр сарын 2-оос 15-ны үед эхэлж, 3 –р сарын 7- 24-ны орчмоор дуусч нийтдээ 110-140 хоног үргэлжилнэ. Өвлийн улиралд цаг агаар гол төлөв цэлмэг тогтуун байдаг. Жилийн хамгийн хүйтэн 1-р сарын дундаж агаарын температур -15.8…-20.7 0С  хүйтэн, үнэмлэхүй хамгийн бага температур Сайншанд, Замын -Үүд орчмоор -41.4…41.50С, Мандах, Хөвсгөл сумын нутгаар -34.5…-37.00С хүрч хүйтэрсэн байна. Өвөлд 9.8-14.7мм хур тунадас унана.

            Хавар.  Дорноговь аймгийн нутагт  3-р сарын 7-24-ны орчмоор эхэлж 4-р сарын 29-өөс 5-р сарын 13 хүртэл 50 гаруй хоног үргэлжилдэг.Хоногийн дундаж агаарын температур түргэн нэмэгдэж  3 дугаар сарын 23-аас 4-р сарын 8-ны үед  00С–г давж дулаардаг.

          Хаврын улиралд агаарын температурын хэлбэлзэл ихсэж, салхины хурдны их утга ажиглагдан, чийг багасч агаар хуурайшдаг. Мөн цаг агаар огцом өөрчлөгдөж тогтворгүй байдаг байна. Салхины дундаж хурд 4.4 -5.7м/с, хамгийн их хурд нь 42 м/с  /Сайншанд/ хүрсэн байна..  Агаарын чийгшлийн бага утга ажиглагдаж  4-5-р сард 24-37%  болтлоо буурдаг байна.

Зун. Тус аймгийн нутгаар  зуны улирал 4-р сарын 29-өөс 5-р сарын 13-ны үеэр эхэлж 9-р сарын 15-аас 10-р сарын 3-ны орчмоор дуусч нийтдээ 120-157 хоног үргэлжилнэ. Жилийн хамгийн дулаан 7-р сарын дундаж агаарын температур нутгийн зүүн өмнөд болон төв хэсгээр 23.10С, баруун хэсгээр 21.30С, хойд хэсгээр 18.70С байна. Энэ улиралд  жилийн хур тунадасны  дийлэнх хэсэг нь  88-92% буюу 91-179.1мм нь ордог байна.  Агаарын үнэмлэхүй хамгийн их температур  Нутгийн төв , өмнөд,  зүүн хэсгээр 41.5-41.60С, нутгийн баруун болон хойд хэсгээр 38.6-39.60С хүрч халсан байна.

Намар. Тус нутгаар намрын улирал 9-р сарын 15-аас 10-р сарын 3-ны үеэр эхэлж, 11-р сарын 2-оос 15-ны хооронд дуусах бөгөөд нийтдээ 40-50 орчим хоног үргэлжилдэг. Хоногийн дундаж агаарын температур 10-р сарын 19-өөс 11-р сарын 2-ны үед 00С-ыг дайрч хүйтэрдэг. Салхины хурд ихэсч 2.8-3.9м/с  болно.  Хур тунадас багасч намрын эхний сард 2.8-5.9мм  хур тунадас унана.

Уур амьсгалын нөхцөл

Нарны цацраг. Нарны илч агаар мандлын орчил урсгал, тухайн газар нутгийн хотгор, гүдгэр нь аливаа газар орны уур амьсгал бүрэлдэн тогтоход гол хүчин зүйл болдог. Түүнчлэн нарны  гэрэл, дулааны эрчим хүч болон хувирахад газрын хөрсний өнгө, бүтэц, ургамлын өндөр нам, өтгөн сийрэг, цасан бүрхүүлийн байдал их нөлөөлдөг.

            Тус аймгийн нутгаар жилдээ дунджаар 3338 цаг нар гийгүүлнэ. Нар гийгүүлэх хугацаа өвөлдөө бага  256 цаг, зундаа их 309 цаг байна. Жилийн дундаж нийлбэр цацраг тус аймгийн нутгаар 434.5Мдж/м2 байна.

Image

 

 

 

 

 

 

 

 

 

1 дүгээр зураг. Сайншанд сум орчмын уур амьсгалын үзүүлэлтүүдийн жилийн явц

 Агаарын температур. Дорноговь аймгийн зүүн хэсгээр жилийн дундаж агаарын температур 5.50С, нутгийн хойд хэсгээр харьцангуй хүйтэн 0.30С, бусад  нутгаар 3.5-3.70С  дулаан байна. Жилийн хамгийн дулаан 7-р сарын дундаж агаарын температур нутгийн хойд талаар 18.70С, зүүн хэсгээр 21.30С, төв болон өмнөд хэсгээр 23.1-24.00С дулаан байна. Үнэмлэхүй хамгийн их температур Сайншанд, Хөвсгөл, Замын -Үүд орчмоор 41.5-41.6 0С, Мандахад 39.60С, Чойрт 38.60С хүрч халсан бөгөөд энэхүү үнэмлэхүй их утгууд нь 1999 оны 7-р сарын 26,28, 2000 оны 7-р сарын 13-нд тус тус ажиглагдсан байна. Ер нь манай орны ихэнх нутгаар 1999-2000 оны зуны хэт халалтын үеэр үнэмлэхүй их температурын захын утгууд эвдэрсэн билээ. Тус нутгаар 36.3 …40.20С-ийн үнэмлэхүй хамгийн их температур 5 %-ийн хангамжтай буюу 20 жилд нэг удаа  тохиолдоно.

       Жилийн хамгийн хүйтэн 1-р сарын агаарын дундаж температур тус аймагт -15.30С (Хөвсгөл станц)....-20.70С (Чойр станц)-ын хооронд хэлбэлзэнэ. Үнэмлэхүй хамгийн бага температур нутгийн төв болон өмнөд хэсгээр -41.4...-41.50С, бусад хэсгээр -34.5...-37.00С хүрч хүйтэрсэн байна. Аймгийн хэмжээнд үнэмлэхүй хамгийн бага температур Замын-Үүд орчмоор 1957 оны 1-р сарын 12-нд ажиглагдаж -41.50С  хүрч хүйтэрсэн байна. Сарын дундаж агаарын температурын дундаж квадрат хазайлт өвлийн саруудад 2.0-3.40С, зуны саруудад 1.3-1.50С тус тус байна.

Хоногийн дундаж агаарын температур тодорхой заагийг  дайрч гарах хугацаа, дулаан үеийн үргэлжлэл, нийлбэр температур

     Тус аймгийн нутгаар 50С-ыг хавар нутгийн өмнөд хэсгээр 4 дүгээр сарын 7- 15-ны хооронд, нутгийн хойд хэсгээр 4 дүгээр сарын 24-ны үед дайран дулаарч   намар нутгийн өмнөд хэсгээр 10-р сарын 11-аас 10-р сарын 18-ны хооронд ,хойд хэсгээр 10-р сарын 2-ны үеэр дайран хүйтэрч нийтдээ 160-185 хоног 50С-аас дулаан үе үргэлжилдэг байна.100С-ыг хавар 4-р сарын 24-өөс 5-р сарын 13-ны хооронд дайран дулаарч намар 9-р сарын15-27-ны хооронд дайран хүйтэрч нийтдээ 125-150 хоног 100С-аас дулаан үе үргэлжилнэ.

    Агаарын температур 00С дулаан үеийн нийлбэр температур нутгийн зүүн болон хойд хэсгээр 2448.7-2899.50С, бусад хэсгээр 3154.2-3158.90С, 50С-аас дулаан үеийн нийлбэр температур 2778.7-3329.70С, 100С-аас дулаан үеийн нийлбэр температур нутгийн хойд хэсгээр 2014.2 0С, бусад нутгаар 2801.4-3089.10С тус тус байна.

Цочир хүйтрэлт.Дорноговь аймгийн нутгаар агаарт анхны цочир хүйтрэлт  нутгийн хойд хэсгээр дунджаар 9-р сарын 17-ны үед бусад нутгаар 9-р сарын 27-30-ны үед, сүүлчийн цочир хүйтрэлт  хойд талын нутгаар 5-р сарын 23-ны үед, бусад нутгаар 5-р сарын 5-10-ны үеэр тоихолддог. Анхны цочир хүйтрэл хамгийн эрт нь 8-р сарын 30-аас 9-р сарын 18-ны үед,хамгийн хожуу нь  10-р сарын 7-30-ны хооронд тохиолддог.Сүүлчийн цочир хүйтрэл хамгийн эрт нь 5-р сарын эхний 10 хоногт, хамгийн хожуу нь 5-р сарын сүүлч 6-р сарын сүүлчээр тохиолддог. Хүйтрэлгүй үе  дунджаар117-147 хоног үргэлжилнэ.

Хөрсний температур. Дорноговь аймгийн нутгаар  жилийн дундаж хөрсний гадаргын температур нутгийн хойд  талаар  2.40С, Хөвсгөл станц орчмоор хамгийн дулаан 7.50С бусад нутгаар 5.0…6.00С дулаан байна. Жилйин хамгийн хүйтэн 1-р сарын хөрсний  гадаргын дундаж  температур нутгийн хойд хэсгээр -21.30С,  нутгийн зүүн хэсгээр -15.2 0С, бусад нутгаар -17.7…-18.90С хүйтэн байна.  Жилийн хамгийн дулаан 7-р сарын  хөрсний гадаргын дундаж температур Чойр орчмоор 23.30С, Мандах орчмоор 25.60С, бусад газраар 27.1…28.00С дулаан байна. Хөрсний гадаргын үнэмлэхүй хамгийн их температур 65-700С хүрч халдаг байна.

     Хөрсний гадаргын үнэмлэхүй хамгийн бага температур   Хөвсгөл орчмоор -330С, Сайншанд орчмоор -380С, бусад нутгаар -420С, хамгийн их хүйтэн нь Мандах орчмоор ажиглагдаж  -520С хүрч хүйтэрсэн байна.

     Жилийн дундаж хөрсний гүний температур Сайншанд орчмоор 20 см-т 6.4 0С, 240, 320см-т 6.70С, Замын-Үүд орчмоор 20 см-т 6.50С, 160 см-т 7.4 0С  дулаан байна.

Агаарын чийгшил. Дорноговь аймгийн нутгаар жилийн дундаж харьцангуй чийгшил  нутгийн хойд хэсгээр 65%, бусад нутгаар 53-59 % байна.

    Харьцангуй чийгшлийн  их утга нь өвөл, зуны улиралд ажиглагдаж 1-р сард 72-84%, 7-8-р саруудад 55-65% байна. Хавар, намрын улиралд бага утга ажиглагдаж 37-49% байна.

            Усны уурын даралт. Тус аймгийн нутгаар жилийн дундаж усны уурын даралт 5.4-5.9 гПа байна. Өвлийн саруудад усны уурын даралтын бага утга нь ажиглагдаж 1.1-1.5 гПа, зуны саруудад их утга нь ажиглагдаж 13.2-14.4 гПа байна.

Дутагдал чийгшил. Тус аймгийн нутгаар жилийн дундаж дутагдал чийг  нутгийн хойд хэсгээр 4.7 гПа , өмнөд болон зүүн хэсгээр 5.8-6.6 гПа , бусад газраар 7.1-7.7 гПа байна. Өвлийн улиралд дутагдал чийгийн бага утга нь ажиглагдаж 0.3-0.7гПа, дулааны улиралд их утга нь ажиглагдаж 9.8-17.0гПа байна.

      30%-иас бага ба тэнцүү чийгтэй өдрийн тоо  аймгийн нийт нутгаар жилдээ 80-135  байна. Хуурай өдрийн тоо хавар, намрын улиралд хамгийн их сардаа 15.4-23.8 өдөр ажиглагддаг байна.

       14 цагт 80%-иас их чийгтэй байсан өдрийн тоо аймгийн нутгаар жилдээ 17-47 байна. Өвлийн улиралд чийглэг өдрийн тоо хамгийн олон сардаа 4.5-12.6 өдөр, хавар, намрын саруудад хамгийн цөөн сардаа 0.3-1.0 өдөр ажиглагддаг байна.

Хур тунадас. Дорноговь аймгийн нутгийн хойд талаар жилдээ 193.8мм,  зүүн өмнөд хэсгээр 128.7мм, бусад нутгаар 100.9-113.5мм хур тунадас унана. Манай орны бусад нутгийн нэгэн адил унаж буй хур тунадасны ихэнх хувь нь  дулааны улиралд орж, 91.1-179.1мм буюу 88-92%-ийг эзэлдэг. Хүйтний улиралд  маш бага жилийн хур тунадасны 10орчим хувь буюу 9.8-14.7мм нь ордог байна. 

Сарын нийлбэр хур тунадасны вариацын коэффициент нь 0.8-3.1 байна.

      Тус аймгийн нутагт хоногт  хамгийн ихээр нутгийн зүүн өмнөд хэсгээр 38.1-42.5мм, хойд хэсгээр 61.2мм Замын-Үүд орчмоор 88.7мм, Сайншандад  121.0мм хур тунадас орсон байна. Аймгийн хэмжээнд Сайншандад хоногийн хамгийн их  хур тунадас 1976 оны 7-р сард 121.0мм  орсон  байна. 

       Хоногт орсон хамгийн их хур тунадасны хангамжийн үзүүлэлтийг авч үзвэл Сайншандад 121 мм хур тунадас 1%-ийн хангамжтай буюу 100 жилд 1 удаа, 80.5 мм хур тунадас 2%-ийн хангамжтай буюу 50 жилд нэг удаа, Замын-Үүдэд 88.7 мм хур тунадас 1%-ийн хангамжтай буюу 100 жилд нэг удаа,Чойрт 61.2мм хур тунадас 1%-ийн хангамжтай буюу 100 жилд нэг удаа тус тус тохиолдоно.                                                 

      Өөр өөр хэмжээтэй хур тунадастай өдрийн тоо.Аймгийн нутагт  0.1мм буюу түүнээс их  хур тунадас жилдээ  29-36 өдөр орсон байна. 5мм-ээс их буюу тэнцүү хур тунадас жилдээ 27-34 өдөр, 20мм буюу түүнээс их хур тунадас 8-12 өдөр тус тус орсон байна. 10-20мм буюу түүнээс их хур тунадас ерөнхийдөө цөөн унадаг нь  харагдаж байна.

Агаарын даралт.   Дорноговь аймаг ерөнхийдөө тэгш талархаг нутагтай учир  станцын түвшин дэх агаарын даралтын зөрөө багатай. Аймгийн нутагт жилийн дундаж агаарын даралт 865.7-905.0гПа-ын хооронд хэлбэлзэнэ. Агаарын даралтын их утга нь 1-р сард 868.2-913.7гПа, 7-р сард  бага утга нь ажиглагдаж 860.5-896.8 гПа байна. Агаарын даралтын их утга нь Чойрт 879.3 гПа, Сайншандад 922.4гПа, Мандахад 881.7гПа, Замын-Үүдэд 916.1гПа тус тус ажиглагдсан байна.

Салхи.  Дорноговь аймгийн хэмжээнд салхины жилийн дундаж хурд нутгийн зүүн өмнөд хэсэгт харьцангуй бага 2.9м/с, бусад хэсгээр 3.1-4.3м/с байна. Жилийн явцыг  авч үзвэл  салхины хурдны их утга нь хавар, намрын улиралд ажиглагдаж 4.0-5.7м/с, бага утга нь өвлийн саруудад ажиглагдаж 2.3-4.1м/с байна. Ер нь  аймгийн нийт нутгаар манай орны бусад нутгаас жилийн туршид салхи ихтэй өвөлдөө ч төдийлэн салхины хурд буурдаггүй онцлогтой. Салхины хамгийн их хурд       Хөвсгөлд 28м/с,  Замын-Үүдэд 30м/с  бусад нутгаар 40-42 м/с хүрсэн байна.

15м/с-ээс их буюу тэнцүү салхитай өдөр Сайншандад хамгийн олон жилдээ 35, бусад нутгаар 9.4-10.7 удаа тохиолддог байна.

            Тус аймгийн нутгаар манай орны бусад нутгийн нэгэн адил баруун болон баруун хойд чиглэлийн салхи зонхилдог. Баруун чиглэлийн салхины давтагдал нийт нутгаар 12.1-47.7%,  салхины дундаж хурд нь 5.2-6.9м/с, хойд чиглэлийн давтагдал 11.3-40.6%, салхины дундаж хурд 4.4-6.3м/ с тус тус байна. Замын-Үүдэд  зүүнээс 11.7%-ийн давтагдалтай салхины гурав дахь зонхилох чиглэл ажиглагддаг нь орон нутгийн онцлогийг тод харуулж байна

Цаг агаарын үзэгдэл.

Бороотой өдрийн тоо. Дорноговь аймгийн нутагт жилдээ 28.6-43.8 өдөр бороо ордог. 7-8-р саруудад бороо хамгийн олон  7.3-12.6 өдөр ордог байна. Бороотой өдрийн тоо Сайншанд, Чойр орчмоор хамгийн олон жилдээ 42.3-43.8 байдаг. Хөвсгөл, Мандах орчмоор арай цөөн 28.6-30.6, Замын-Үүд орчмоор 34.6 өдөр бороотой байдаг байна.

Мөндөр, дуу цахилгаантай өдрийн тоо. Дорноговь аймгийн нутагт жилдээ 0.1-1.0 өдөр мөндөр ордог байна. Сайншанд, Чойр орчмоор бусад нутгаасаа арай олон удаа мөндөр ордог байна. Замын-Үүд, Хөвсгөл орчмооор мөндөр маш цөөн ажиглагддаг байна. Дуу цахилгаан аймгийн хэмжээнд жилдээ 4.1-45.3 өдөр  ажиглагддаг байна. Сайншанд орчмоор хамгийн олон удаа жилдээ 15.3 өдөр ажиглагдсан байна. Мандах орчмоор хамгийн цөөн 4.1 өдөр дуу цахилгаантай байсан байна.

Цастай өдрийн тоо.Тус аймагт жилдээ 14.2-23.2 өдөр цас ордог байна.11-2-р сарын хооронд сардаа дунджаар 1.9-3.4 өдөр цас ордог. Чойр орчмоор хамгийн олон 23.2 өдөр, Сайншанд, Мандах орчмоор 18.2-19.9, Хөвсгөл, Замын-Үүд орчмоор арай цөөн 14.2-14.9 өдөр цас ордог байна.

Цасан шуургатай өдрийн тоо. Дорноговь аймагт жилдээ 4.7-11.8 өдөр цасан шуурга шуурдаг. Замын -Үүд орчмоор цасан шуурга хамгийн цөөн жилдээ 4.7 өдөр шуурдаг байна. Сайншанд, Мандах орчмоор хамгийн олон 10.7-11.8 өдөр цасан шуурга ажиглагддаг байна.

Шороон шуургатай өдрийн тоо.  Дорноговь аймгийн нутгаар жилдээ дундажаар 16.4-68.2 өдөр шороон шуурга шуурдаг байна. Замын-Үүд орчмоор хамгийн олон удаа  жилдээ 68.2 өдөр шороон шуурга ажиглагддаг байна. Сайншанд орчмоор 29.1, Хөвсгөл орчмоор 34.1, Чойр орчмоор 35.6, харин Мандах орчмоор арай цөөн 16.4 өдөр шороон шуургатай байдаг байна. Жилийн дотор авч үзвэл шороон шуурга 3-6-р сард  их шуурдаг байна.

Дүгнэлт

  1. Энэхүү өгүүлэл нь Дорноговь аймгийн уур амьсгалын нөөц, горимын талаар сүүлийн үеийн мэдээ ашиглан боловсруулалт хийж, магадлал хангамжийн үзүүлэлтүүдийг  тооцсон шинэлэг талтай.
  2. Дорноговь аймаг уур амьсгалын арвин баялаг нөөцтэй болохыг тодорхойлж өгсөн
  3. Дорноговь аймагт ашигт малтмалын арвин баялаг нөөцтэй учир байгалийн баялгийг ашиглах,  байгаль орчны нөхөн сэргээлт хийх, судалгаа шинжилгээ, байгаль орчны үнэлгээний ажил хийхэд энэхүү үр дүнгүүд нь суурь материал болох өргөн ач холбогдолтой юм.
  4. Мөн тус аймгийн нутаг дэвсгэр дээгүүр дайран өнгөрдөг Монголын төмөр замын  ажилд байгаль цаг уурын нөхцөлд тулгуурлан техникийн тооцоо судалгаа хийхэд ашиглах боломжтой.

Ашигласан хэвлэл

  1. Монгол орны уур амьсгалын лавлах,I,II боть,1971,УБ
  2. О.Я.Дроздов, Н.В.Кобышева, Климатология, 1990, Л-град
  3. Монгүл орны уур амьсгал гадаргын усны нөөцийн атлас,УБ,1985

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Дорноговь аймгийн уур амьсгалын нөөц, горим 2017-03-15 2024-03-19 4662