Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023-2024 ОНЫ ӨВӨЛ-ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН
Дорноговь аймгийн 2023 оны зуншлагын байдал
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу бэлчээрийн төлөв байдлын, ургац тодорхойлох ажлыг Дорноговь аймгийн 14 сумын 54 багийн 72 бэлчээрийн төлөв байдлын ажиглалтын цэгүүдэд 2023 оны 08 дугаар сарын 10-наас 20-ны хооронд хийж гүйцэтгэлээ.
Дорноговь аймгийн хэмжээнд 2023-2024 онд 2.706.795 мянган толгой мал өвөлжих төлөвтэй байгаа бөгөөд 8 дугаар сарын 20-ны байдлаар бэлчээрийн ургац 0.0 – 4.1 ц/га байна. Аймгийн нийт нутгийн 20 хувь нь зуншлага сайн, 35 хувь нь зуншлага хэвийн, 45 хувь нь зуншлага муу байна.
Дорноговь аймгийн 2023-2024 оны өвөл-хаврын
бэлчээрийн даацыг тодорхойлсон дүн
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2023-2024 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав.
Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:
12.5% - 10 хүртлэх хувь (бэлчээрийн нөөцтэй)
29.3% - 30 хувь (бэлчээр хүрэлцээтэй)
40.8% - 40 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)
9.3 % - 10 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)
8.2 % - 10 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна.
Өөрөөр хэлбэл өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 40 хувьд хүрэлцээтэй байхаар, харин 60 хувьд хэтэрч гарлаа.
Бэлчээрийн даац олон дахин хэтэрч (улаан) гарсан сумдад Иххэт сумын Бүрдэнэ баг, Алтанширээ сумын Тойг, Чулуунгишгэр, Хаяа багууд, Сайншанд сумын нийт нутаг хамрагдаж байна.
Харин Иххэт сумын Зүлэгт, Баян багууд, Өргөн сумын Сэнж, Сүмийн булаг багууд, Мандах сумын Баянхошуу баг, Эрдэнэ сумын Еншөөв баг, Замын-Үүд сумын Жаргалант баг, Хатанбулаг сумын төвийн хэсгээр даац 3-5 дахин хэтэрч (улбар шар) гарлаа. Даланжаргалан сумын Өнгөт баг, Дэлгэрэх сумын нийт нутаг, Алтанширээ сумын Зараа баг, Сайхандулаан сумын Жаргалант, Улааншороот багууд, Мандах сумын Өехий, Сэрвэн баянхошуу багууд, Эрдэнэ сумын Дөрвөлж, Бүрдэнэ багууд, Улаанбадрах Сангийн далай, Баянбогд багууд, Хөвсгөл сумын Элстэй, Чулуут багууд, Хатанбулаг сумын Халив, Сулинхээр, Агаруут багуудад даац 1-3 дахин хэтэрсэн байна.
Энэ жил хур бороо элбэг, зуншлага сайн байсан зарим нутгаар даац хэтэрч гарсанд малын тоо их байгаа нь нөлөөлж байна.
Ийнхүү өвөл, хаврын бэлчээрийн даац хэтэрч гарсан аймаг, сумдын нутагт өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл олж нөөцлөх, отор нүүдэл хийх, малаа борлуулах, тоог бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж, өвөлжилт хаваржилтанд эртнээс бэлтгэж, зудын эрсдэлийг тооцож ажиллах шаардлагатай байна.